Говь-Алтай аймаг Алтай сумын оюутан залуучуудын АЖ БОГД холбоо


Эх орны хөгжил нутгийн залуусаас эхтэй...


Эхлэл | Хэрэглэгчийн мэдээлэл | Бичлэгийн сан | Найзууд


Бичсэн 19:49, 2007-09-28

Програм хангамжийн аутсорсинг – Монголын ирээдүй

Ирээдүйн түлхүүр сан гэж байгууллагаас програм хангамжийн мэргэжлийн шилдэг 30 оюутанд тэтгэлэг олгохоор шийдвэрлэжээ. Тун сайн мэдээ. Тэтгэлэгийг олгох ёслолын ажиллагаан дээр ирж энэ салбарын ирээдүй, энэ тэрийн талаар ер нь оюутнуудад хэрэг болохуйц хэдэн үг хэлж, гол нь аутсорсингийн талаар ярина уу, бас ярих юмаа бичгээр бэлдэж өгвөл хэвлэл мэдээллийнхэнд өгмөөр байна хэмээн шавдуулсны дагууд яаран сандран дараахь хэдэн үгийг холбосноо тэр чигээр нь тавилаа. Андуу ташаа юм байгаа, гэхдээ энэ бол бидний бодож явдаг зүйлс юм.
(Гэхдээ
үг хэлэхдээ шал өөр маягаар ярих шиг болсон)

Мэдээллийн технологийн хөгжил хил хязгааргүй дэлхий, даяршсан дэлхийг бий болгох үйл явцад томоохон хувь нэмэр оруулсаар ирлээ. Мэдээлэл холбооны технологи нь бусад салбарын үйл ажиллагааг дэмжигч суурь дэд бүтэц юм. Аутсорсинг буюу гадны нөөц бололцоог ашиглах гэсэн утга бүхий энэхүү бизнесийн чиглэл нь анхлан мэдээллийн технологийн салбар дотор үүсч хөгжсөн бөгөөд өнөөдөр бизнесийн бүхий л салбарт түгэн дэлгэрч байна. Аутсорсинг гэдэг нь аливаа байгууллага тухайн ажил үйлчилгээний хэсгийг эсвэл бүхэлд нь гадны ямар нэг эх үүсвэрийг ашиглан явуулахыг хэлдэг. Тэрхүү эх үүсвэр нь гадаад оронд байвал офшоор буюу далайн чанад дахь аутсорсинг гэхчилэн нэрлэнэ. Жишээлбэл, манай улсын зарим компани хувь хүмүүс өөрсдийн захиалгыг хил давуулан урд хөршийн хямд үнэтэй компаниар хийлгэдэг. Энэ нь үндсэндээ аутсорсинг хийж буй хэлбэр. Гэхдээ энэ бол импорт. Импорт төдийлөн манай эдийн засагт ашиггүй. Эсрэгээр бид экспортийн аутсорсингийг хөгжүүлбэл гадаад валютын орлогоо нэмэгдүүлж чадна.

Монголчууд бидний хувьд гадаадын захиалгыг аутсорсинг хэлбэрээр авч хэрэгжүүлж болох салбар бол оюуны бизнесийн салбар, тэр дотроо програм хангамжийн салбар болохыг олон хүн батлан ярьдаг. Өнгөрсөн хугацаанд энэ чиглэлээр цөөнгүй оролдлогууд хийгдэж нэр бүхий компаниуд чамлахааргүй амжилтад хүрээд байна. Дэлхий дээр мэдээллийн технологийн аутсорсингийг идэвхтэй хөгжүүлж буй маш олон орон байна. Програмхангамжийн төрлийн дэлхийн зах зээлийг аваад үзэхэд нийт 140 орчим тэрбум ам. доллар байдгийн 41 хувь нь Америк, 15 хувь нь япон, 8 хувь нь Канад, европ бүхэлдээ 25 хувийг эзэлдэг. Эдгээр дэлхийн зах зээлийн дийлэнх хэсгийг эзэлдэг улсууд нь Энэтхэг, Хятад гэх мэт хөгжиж буй орны хямд ажиллах хүчийг ашиглаж бүтээгдэхүүнийхээ өртгийг багасгах зорилгоор аутсорсинг хийж байна. Ер нь дэлхийн олон орон дээрх томоохон зах зээлүүд рүү орохоор тодорхой бодлого гарган идэвхтэй ажиллах боллоо.

Монголчууд бидний хувьд ерөнхий боловсролын түвшин дээгүүр, тоо болон байгалийн ухаанд чамгүй авьяастай гэгддэгийн хувьд энэ салбарт хүчээ сорих бүрэн боломжтой. Одоогоор манай орны энэ салбарт нийт 70 орчим компани, 2500 орчим инженер, 20 дээд сургуульд 8000 орчим оюутан суралцаж байдаг. Гэтэл Энэтхэг, Хятадын ганцхан компани л гэхэд хэдэн мянгаар тоологдох ажилтантай. Томоохон зах зээлээс ажил авахад манай компани байгууллагуудын хүн хүчний бололцоо дутагддаг тал бий. Энэ асуудлыг шийдэхийн тулд хүний нөөцийг бэлдэх боловсронгуй, цогц системийг бий болгох шаардлагатай юм. Энэ мэт нэгдсэн бодлого гарган нийтээр хүч, санаагаа нийлүүлэн хийж гүйцэтгэх шаардлагатай ажил их бий. Манайд менежмент, эдийн засаг, хууль, гадаад хэлээр мэргэждэг оюутнуудын тоо хэрэгцээнээс хэтэрсэн байдал ажиглагддаг. Тэгвэл тэдгээр мэргэжлээр төгсөөд тодорхой ажилтай болж чадахгүй байгаа хүмүүс мэдээллийн технологийн салбарт өөрсдийгөө сорих бүрэн бололцоо бий. Ер нь програм хангамжийн инженерийн мэргэжилд өөр мэргэжлээс орж ажиллагсдын тоо гадаадад нэлээд их байдаг. Одоогоор Мэдээлэл Харилцаа Холбооны Газар болон бусад холбогдох байгууллагууд хамтран програм хангамжийн салбарын аутсорсингийн мастер төлөвлөгөөг боловсруулан гаргахаар ажиллаж байна. Тэрхүү төлөвлөгөөнд МТ-ийн чиглэлийн боловсон хүчний тоо, чанарыг сайжруулах талаар тодорхой зорилтуудыг тодорхойлон заах чигтэй байна. Гадаад зах зээлийн хувьд дэлхийн томоохон зах зээлүүдээс “Хамгийн сүүлд үлдсэн, Хамгийн том зах зээл” гэгдэж олон улсын анхаарлыг татаж буй Японы зах зээлийг Зорилтот зах зээл болгон тодорхойлохоор судлаачид, бодлого тодорхойлогчид санал нэгтэй байгаа юм.

Өндөр хөгжсөн Японы зах зээл дээр амжилттай ажиллах үндэс нь боловсон хүчнийхээ мэдлэг, чадварын түвшинг дээшлүүлэх явдал байх нь гарцаагүй. Үүний тулд:

-мэргэжилтэн бэлддэг гол газар болох их дээд сургуулиудын шинэчлэлийг зайлшгүй явуулах шаардлагатай.

-Компаниуд олон улсын түвшинд хүрсэн үйлдвэрлэлийн менежментийг бий болгох шаардлагатай.

-Мэргэжилтнүүд, оюутнууд мэргэжлийн болон гадаад хэлний мэдлэгийн түвшнээ дэлхийн жишигт хүргэх шаардлагатай.

-Төрийн зүгээс, гаргасан бодлогынхоо хэрэгжилтийг идэвхтэйгээр хянан дэмжиж, гадаад зах зээл дээр төрийн түвшний маркетинг хийх зэргээр асуудалд цогцоор нь хандах бодит шаардлага байна. Одоо байгаа 2500 орчим инженерийнхээ тоог богино хугацаанд 10-20 мянгад хүргэх бодлогыг барих хэрэгтэй юм. Ингэж чадвал монгол улсын эдийн засагт тодорхой байр суурь бүхий цоо шинэ оюуны үйлдвэрлэлийн салбарыг цогцлоон бүтээх бүрэн бололцоо бий.



{ Ємнєх хуудас } { Дараагийн хуудас }



:-)
 
xaax